Sunday, May 22, 2011

Улаанбаатарт ''Чулуун түүх'' байна уу?


Би бол “Өндөр-хоршоо”
 (Эртний барилга өгүүлэх нь: J)

Тоонот  цагаан өргөөндөө наран цацруулсаар ирсэн нүүдэлчин ард түмэнд соёлын үрийг түгээхээр анх намайг  Оросын худалдаачин Гудвинцал ах 1905 барьсан юм. 

Тэр үедээ би Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын өнгө төрх түм түжигнэж бум бужигнасан хотын төвийн гол баатар байлаа. Тэр үед намайг хүмүүс анх хараад анхны европ загварын хоёр давхар олон цонх, хаалгатайг минь гайхан шагшин бүр анх удаа би хамгийн том тольтой байсан хүмүүс орж ирээд надтай биш өөрөө өөртэйгээ мэндлэж, доод хонгилд минь ачаатай тэмээ босоогоороо багтан ордог байсан гэхэд та нар итгэхгүй дээ мөн ховор нандин зүйлээ зөвхөн надаас зорин ирж худалдаж авдаг байсан саяхан мэт тод санагдаж байна.

Өнөөг хүртэл би тэр нэр хүндээ алдалгүй хотынхоо өнгө үзэмжийн нэг болон яваадаа бахархаж олон, бүр олон хүмүүст өөрийнхөө түүхийг ярихыг хүсдэг юм. Надад энэ боломжийг олгож намайг хайрлан хамгаалдаг музейн үе үеийн ажилчиддаа би хайртай.
Худалдааны зорилгоор би сүндэрлэснээс хойш 106 насны сүүдэрт хүрээд байна эргээд харахад би Монгол улсын түүхэн өөрчлөлт, хөгжлийн түүхийг өгүүлэн чадах цаг хугацааны “Шидэт” байшин болжээ. Би 1919 оны үед Хятадын “Хао-Бу-Я” хэмээх банк, 1921 онд Оросын улаан цэргийн комендантын байр, 1930 оноос та нарын сайн мэдэх одоогийн Улсын их дэлгүүр болох анхны худалдааны том төв “Өндөр-хоршоо” 1961 оноос Улсын номын худалдаа, МУЭ-ийн байнгын үзэсгэлэн байрладаг байсан өгүүлэх түүх ихтэй билээ.
Ардын зураач Н.Цүлтэм нарын санаачлагаар 1965 оны 3 сарын 31-ны сайхан өдөр Сайд нарын Зөвлөлөөс “Дүрслэх Урлагийн Музей” байгуулах 87-р тогтоол гаргасан нь миний амьдралын нэгээхэн жаргалтай үеийн эхэн байлаа.
Анх Дүрслэх Урлагийн музей 350 нэгж эртний болон орчин цагийн үзмэр бүтээлтэйгээр 1966 онд 7 сарын 23-д анхны үзэгчдээ хүлээн авсан цагаас хойш орчин үеийн зураач уран бүтээлчдийн бүтээлүүд 1989 онд “Уран зургийн галерей”, 1991 онд Монголын “Театрын музей” нэртэйгээр надаас салбарлан гарсан ахан дүүс одоо амжилттай үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Харин одоо би, Их Соён гэгээрүүлэгч Өндөр Гэгээн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей гэдэг цол гуншинтай билээ. Г.Занабазарын мэндэлсний 350 жилийн ойгоор түүний нэрэмжит болгосон юм.
Эрэгцүүлэн бодвол Монголын томоохон Соёл урлагийн болоод тэр дундаа Дүрслэх урлагийн түүхийн нэгэн том голомтонд байгаагаа мэдэрсээр өдгөө 45 дахь зунтайгаа золголоо.
Харин миний амьдралд 1976 онд нэгэн базаахгүй зүйл тохиолдсон нь гал гарсан явдал байлаа. Гэвч тэр үеийн музейн үнэнч соргог ажилтнууд дор нь хамгаалж чадсанд би насаараа баярлаж явдаг юм. Музей энд төвлөрснөөс хойш Монголд ирж байгаа бүх улс орнуудын том зочид гийчэд айлчлан  ирж, үе үеийн залуучууд орж гаран байгааг харахад сэтгэл үргэлж өег тоо нь бүр хэдэн мянгад хүрсэн байх байдаг.
Намайг үргэлж хайрлаж хамгаалж байсан хүмүүс, Дүрслэх урлагийн музейн үе үеийн захирал  1965-1993 онуудад Намын ажилтан  Б.Арилдий,1993-1996 онуудад  Урлаг судлаач Д.Дашбалдан,1996- 2001 онуудад Зураач Д.Гунгаа             
2001-2006 
онуудад Зураач Д.Батдорж, 2006 оноос одоог хүртэл  Сэтгүүлч У.Сарантуяа  нартаа талархал илэрхийлэе.


 Дурсамжаа сэргээн ярих бололцоог олгож байгаа түүхийн нэгэн хуудас болсон энэ өдөр Олон улсын музйен өдрийн “Музей ба Дурсамж” сэдвийн хүрээнд 2011.05.16-ны өдрийг надад зориулж ахмад зураач, үзэгчидээ цуглуулан дурсамж яриа өрнүүлж байгаа оюутан залуус музейн ажилтнуудаа хэрхэн хичээл зүтгэл гаргаж байгааг хараад сэтгэл минь догдлон хана, цонх, хаалга бүр минь баярын нулимс унагаах мэт догдлон байна. Миний өмнө ахмад үзэгч УГЗ О.Уртнасан, УГЗ Б.Цэрмаа, ахмад Сийлбэрч Ц.Цагаанөвгөн, ахмад зураач Х.Содномцэрэн нар нарийн нандин дурсамж хүүрнэн элэгсэг сайхан үг хэлж баярлуулсныг өгүүлэхэд таатай байна.
Мөн ирээдүйн урлагийн том төлөөлөл болох МУИС-н Урлаг судлал, Дүрслэх урлагийн сургууль, Радио телевизийн дээд сургууль, СУИС-н Соёл судлалын ангийн оюутнууд ирж сууж дурсамжтай яриаг өрнүүлсэн юм.

Өнгөрсөн он хугацааг эрэгцүүлж бодоход олон гаднах өнгө зүсийг минь олон удаа сэргээн гоёж, гол хаалгыг хүндэтгэлтэй сайхан янзалсан гэх мэт их олон ажил өрнүүлж байсан зэргийг бахдан дурьдахгүй байхын аргагүй.
Аль ч улс оронд үндэсний түүх хөгжил өөрчлөлтийн билэг тэмдэг болсон хуучин түүхэн дурсгалт байшин байдаг лугаа адил Монгол улс, болоод Нийслэлийн нэгэн нэрийн хуудас болсон  тэртээ 106 жилийн өмнө баригдсан өвөрмөц хийц архитектур загвартай томоохон байгууламж гэж түүхэнд судлаачид үнэлэн бичдэгт нь Ахмад хүмүүс өөрсдийгөө хайрлаж, ярилцаж сэтгэлээ хуваалцан магтах бүрдээ баярладагтай адил  би ч бас магтуулах дуртай түүндээ баярлан улам бүр урамшиж байдаг юм.

ДУМ-н Тайлбарлагч: Ц.Солонго
2011.05.20

No comments: