Уран бүтээлч хүн эцэж цуцахаа мэдэхгүй мөнхийн ажиглагч байдаг. Аливаа амьдралын талуудыг танин мэдээд уран бүтээлч сэтгэлгээгээр нөлөөнд нь орж чиглэмжийг хайх, сонгох ил нээлттэй байдлыг дэмжин оюуны эрх чөлөөг бий болгодог. Энэ оюуны эрх чөлөө нь урлагт байдаг. Урлаг нь өнөөдрөөс өнгөрсөн ба ирээдүй рүү чөлөөтөй аялдаг. Ингэж жигүүрлэн чөлөөтөй нисэх нь миний сэтгэлийг татаж монголчуудын урлагийн шавхагдашгүй баялаг нууцыг судлан танин мэдэх хүсэл үргэлж хөтөлсөөр......
Хүннү гүрэн, Эзэнт гүрний үед нүүдэлчдийн хүчирхэг байсны нууцыг тайлж мэдэхийг хүн бүр хүсдэг. Аливаа зорилгын амжилтанд өчүүхэн жижиг зүйл маш том суурь, тулах цэг болж өгдөг. Дашмаг нь эзэн Чингисээс эхлээд их хаадын аян дайнд монгол цэргүүдийн байлдааны ажиллагааг хурдан явуулдаг байсны нэгээхэн жижиг нууц нь болж байсан мэт. Монгол цэргүүд ширэн дашмагнууддаа уух уснаас гадна өөрсдийн хэрэглэх борц, цагаан идээг хийж олон хоног морин дэл дээр, урт замыг туулж, байлдах чадвартайгаар хүрэх газраа хүрдэг байжээ.
МЭӨ 3000-МЭ 1000 жилийн өмнө гүзээнд ус хийх, нойтон ширэнд шингэнийг боож агуулж байсан нь ширэн савны өвөг болно. Дашмаг нь ус хийж боосон арьс ширэн савны хэлбэрийг өнөөг хүртэл хадгалсаар, хожим мөнгө, зэс, гуулин дашмагуудөнө эртний түүхэн хэлбэрийг дамжуулан уламжилсаар иржээ. Энэ бүхнийг хараад оюун бодолдоо тунгаах бүрийд судлагдахуун намайг судлаач, алдаршуулаач гэж надад шивнэх мэт. Ард түмний амьдралын хэрэгцээ шаардлагаас үүсэж, хөгжин улмаар тэр үеийн урлаачдын бүтээсэн дашмаг гоо зүйн болоод бусад хэрэгцээг хангасан цогц шийдэл бүхий бүтээл байсан гэдгийг батлах гэгээн зорилго надад байна.
Эзэнт гүрний үеэс эхэлсэн уламжлал хадгалагдсаар шилийн сайн эрчүүд хонины гүзээнд ус хийн, энд тэнд явахдаа булж орхин хэрэглэж байсныг “Тунгалаг тамир” киноноос харж бахархаж байсан цаг саяхан. Гэтэл өнөө цагт орос ах нарын нэрлэсэн дашмаган хэлбэртэй котел-аяган дотроо суурилсан тагтай ус хийдэг төмөр сав, манерк-аягагүй ус хийдэг 1литр орчим шингэн багтдаг савыг цэрэг дайнд хэрэглэж одоо ч монгол цэргүүд хэрэглэж байхыг бид мэднэ. Энэ хаанаас үүтгэлтэй вэ, Монголчуудаа?.
Монгол оронд шинэ чулуун зэвсгийн үе буюу МЭӨ IV- II мянган жилийн тэртээгээс мал аж ахуй үүсч хөгжих зохих шатыг туулжээ. Монголчуудтай холбогдох эртний арьсан эдлэлийн дурсгал нь ОХУ-ын Уулын-Алтайн уулсын нутаг дахь Пазырыкын булшнаас гарсан эд өлгийн зүйлс харуулна.1 Эндээс угалз наан оёж, чимэглэсэн арьсан дашмаг, амьтны дүрст эсгий эдлэл, модон сийлбэрийг арьс оролцуулан хийсэн онгод дүрсүүд, хүний биен дээр урласан шивээс зураг гарчээ.
Дашмаг нь XII зууны монголчуудын цагаан идээний сав байсныг батлахын сацуу нүүдэлчид дашмаг, ширэн саванд архи, айраг, шингэнийг удаан хугацаагаар дарж хадгалдаг сонирхолтой мэдээ байна. Дашмаг савыг говьчууд намаг гэж одоо хүртэл нэрлэж байгаа нь тэр эртний хэллэгийг хадгалсан сонин зүйл бөгөөд намбага гэдэг нэр нь аажмаар намаг болжээ. Дашмагийн хөвөөгөөр хоёр нурууны алх улладаг нь түүнийг хоёр хэсэг эсгэж хээ дараад оёж шагладаг болсон үетэй холбоотой хээ чимэглэл юм.
Ийнхүү дашмаг зэрэг арьс ширэн урлалын аргыг монголчууд гэрийн удамшил сургалтаараа өвлөн уламжилж иржээ. Увс, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл, Архангай, Говь-Алтай, Дорнод зэрэг газрын музейд дашмаг байгааг бодоход монголын нүүдэлчдийн нийтлэг сав байжээ.2
Эрдэмтэн Грум Гржимайло Баян ядуу ямар ч айл өрхийн ширэн дээр хээ угалз товойлгон урласан нарийхан хүзүүтэй дашмаг гэдэг саванд 1-2 лонх шингэн багтана. Голдуу архи, хааяа сүү хийж явдаг гэж тэмдэглэсэн нь товтой баримт юм. Зориулалт, хэлбэр, урлаг, хийсэн арга барил хээ угалз чимэглэлийн зөн билгээрээ монгол дашмаг нь: Тувачууд кегоржик, Алтайчууд- ташаур, Казакаар торсык, Киргизийн коокор, Торгууд кокуур, Халимагийн бортхо зэрэг савтай хийцийн хувьд адил төстэй байна.3
Арьсан дашмагийг урлахуй: Дашмаг хийхдээ ширийг шар ус, давсны адил тэнцүү холимогт хийж үсийг зумлан нойтон дээр нь ар, өвөрийн хоёр дугуйг эсгэн хээ гаргахын тулд нойтонд нь хэв хийж сайн шахаад хээний хонхорыг дагуулан халуун төмрөөр өнгөцхөн хайрах болон хээ дарах аргыг хэрэглэж байв. Хээ дардаг урлаачдыг дармалчин гэдэг. Ингэж хээлсний дараа ар, өвөр талаа эхлээд махан, дараа нь хөрсөн талаа нийлүүлж шөрмөс буюу шөрмөс хялгасны холимог утсаар оёж, нойтон байхад нь дотор нь өвс элс чихэж, бөөрөнхий дугариг хэвд оруулан хатаасны дараа өвс, элсээ ухан авч айраг архиа хийдэг байжээ. Дашмагийг хийж бэлэн болсны дараа утаж урь идэхээргүй сүүдэр сэрүүн газарт хадгалдаг байна. Утиарлах нь бат бөх болох сайн арга бөгөөд унийн толгой, дашмагт нар дайруулахгүй хатааж болно. Арьсны өнгө шаргал, хүрэн бор, ухаа, ухаа хүрэн болтол өөрийнхөө санаанд хүртэл утлага хийдэг байжээ.4
Урианхайчууд ташуур гэж дашмагаа нэрлэдэг нь сонин бөгөөд монгол туургатны нийтлэг сав болохыг тэмдэглэсээр иржээ. Ширэн дашмаг бөх, уян налархай, муудаж ялзрахгүй бөгөөд хүзүү цүлхгэр, зуйван хэлбэр, модон толгойтой учир нүүдэл суудалд нэн тохиромжтой ажээ. Ер нь гоёл чимэглэлийн урлагийн бүх төрөл хүний амьдрал, байгалийн нөхцөлтэй холбоотой билээ.
Монгол ардын дуунд: Дашмаг хийсэн архинд нь,
Ташуур хийсэн аавуу даа,
Ташил вандан хадагт нь
Олзуурхас хийсэн аавуу даа гэж гардаг нь сүй тавих эрхэм хүндэтгэлд дашмагтай архи ордог байсныг харуулж байна. Сум хөхүүр зэрэг сав суулганы хэлбэр нь хавчиг байдаг нь нүүдэлчдийн хэрэгцээтэй холбоотой бөгөөд хүн төрөлхтний сав суулганы нилээд эртний хийцийг хадгалсан байдаг. Өнөө үед судлаачид баруун монголын малчдад хэрэглэгдэж байгаагаар нь тохоон нэрлэж байгааг бас бодууштай. Дашмаг нь хаана ч, хэзээ ч давтагдашгүй арьсан дурсгалт зүйл болох нь судалгааны явцад анзаарагдах болов уу. Эртний монгол язгуурт нүүдэлчдээс уламжилсан урлаг соёлын хосгүй баялаг өв бол хээ угалзны урлаг мөн. Энэхүү хээ угалзыг урлан бүтээж, эдлэл хэрэглэлээ чимэж байсан нэгэн гол материал нь арьс шир байжээ.
Морь, марал, лууны дүрсүүдийг алтайчуудын 12 жилийн хуанли, бөөгийн хэнгэрэг дээр байдаг энэ нийтлэг чанар нь ташууруудыг төрөл бүрийн шашны үйл явдалууд, мөргөл үйлдэхэд шашны сав болгон хэрэглэдэг байв. Иймээс тахилга болгож морь бусад амьтад, золиос болгох амьтныг уядаг гацуур мод, шашны сав, омгийн тэмдэг, тамга, гэрэл, дэнлүү гэх мэт дүрсүүд дашмаг дээр тааралддаг. Ташуур, арьсан хөхүүр, богц мэтийн зүйлүүдийн чимэглэл дунд хоёролсон симметрэн гогцоо \үзүүр дээр ромбон дүрстэй\ хээ тааралддаг. Энэ нь цөөн айлуудад үлдсэн тулганы мах, тогоо өлгөх том гогцооны хэлбэр юм. Энэ дүрсийг “Кульдя” гэдэг. Пазырыкийн булшнаас олдсон наамал, баримал, рельефен бүтээлүүд дээр байдаг амьтдын толгойн дүрслэлээс үлдсэн хэлбэр юм. Хорол фүүзэн хээтэй бол ихэс дээдэст, аав ах ээж дүүдээ өлзий хээтэй, ахмад хүнд алхан хээтэй дашмаганд сархадын болон цагаан идээний дээж барьдаг байжээ.
Ширэн эдлэлийн урлал манай ард түмний дунд эртний үеэс үүсэж хөгжсөн уламжлалтай билээ. Түүний дотор баруун монголчуудын олон ястан дотор ширэн урлал нь янз бүрийн хийх арга зүйтэй байсан тухай Увс аймгийн орон нутаг судлах музейн цуглуулганд байгаа зүйлээс харж болно.
Арьс ширийг зөвхөн ахуйн зориулалттай эд зүйлсийг хийгээд зогсохгүй арьс ширний сунамтгай уян хатан шинж, дүрслэлийг нарийн буулгах боломж зэргийг ашиглаж урлагийн бүтээлийн шинжтэй олон зүйлсийг ур ухаан шингээн бүтээхэд өргөн хэрэглэж байжээ. Өдгөө Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй дашмагнаас харахад хээ угалзны урлагийн үндэс эх булаг нь хүрээлэн байгаа ертөнцөө хэвийн байдлаар нь үзүүлж ёс горимд зохицуулж амьд хэмнэл, дүрс хэлбэр олгож өгсөн байна.Дашмагны бөөрөнд тавьсан дугуй фүүзэн хээ нь монгол үндэсний бэлэгдэлийн учир утгатай байх ба энэ нь ихэс дээдэст сархадын болон идээ цагааны дээж барихад хэрэглэж байсныг илтгэнэ. Эргэн тойрон ширмэл хээтэй суран оосор бүхий модон тагтай, арьсан дээр хонхойлон дарж сийлэх маягаар хээ чимэг хийсэн нь гоёмсог болгожээ. /33.8х25.4х11.5см 530гр/, Хувийн дугаар:69.40.95
Дүгнэлт
Нүүдэлчдйин сав суулганы ихэнх нь арьс ширэн эдлэл байсан авч орчин үед хүмүүс хэрэгцээндээ маш багаар ашиглах болжээ. Ширэн эдлэлд шингэн зүйлийг удаан хугацаагаар хадгалахад савны хэв хэлбэр, хийц маяг алдагдахгүй байхын хамт хадгалсан зүйлийн амт чанар муудахгүй онцлогтой. Арьсан сав суулга хийхдээ бусад материалтай хослуулан өнгө үзэмж, чанарыг нь сайжруулахын зэрэгцээ уг зүйлийг гоо сайхны талаас нь анхаарч чимэглэл хийж нэгэн ёсны урлаг болгон хослуулан хэрэглэж иржээ.
Эртний урлахуй арга нь судалж үзэхэд уялдаатай хөгжсөн урлаг байсан байна. Үүний нэг бодит жишээ бол дашмаг, түүний чимэглэл юм. Дашмаган дээр тавьсан хээ чимэглэлийн билэгдлийн ялгаа ямар үйл хэрэгт авч явдаг байснаараа ангийн, аян дайны, ахуйн хэрэглээний, шашины зан үйлийн гэх мэтээр ангилан үзэж болох бөгөөд мөртэй дашмагийг-”Төгрөг”, мөргүйг-”Булахнаг” гэж нэрлэдэг байжээ.
Ус бол чандмань эрдэнэ хэмээн монголчууд дээдэлдэг. Тийм ч учраас монголчууд уух ундаагаа хамгийн найдвартай авч явахад авсаархан сонгомол загвар дашмаг нь монгол хүний оюун санаанаас бүтсэн сод туурьвил бүтээл юм. Нүүдлийн аж ахуйтай уялдан тэр бүхэнд тохирсон эдлэл хэрэглэл бий болсноор нүүдлийн соёл нь суурьшмал соёлоос ялгагдах болжээ. Дашмаг, түүний чимэглэл, дүрслэл зэрэгт бусад овог аймгийн уламжлалт хувьсал, өөрчлөлт, харилцан бие биендээ уусах шинж байдал харагдаж байна.
Арьс нь өөрийн давтагдашгүй чанараараа эдэлгээ хэрэглээний явцад өнгө зүс, бат бөх байдал нь улам сайжирдаг. Хөгжлийн явцад дашмагны үндсэн хэлбэр нь бүрэлдэн тогтож мод, төмөр, бусад материалтай холбогдон нэгэн хийц, урлаг болон хөгжжээ. Энэ бүхнийг унаган төрхөөр нь хадгалж уламжлахын сацуу гоо сайхны хэрэгцээнд тохируулан орчин үед ахуй амьдралдаа шинэчлэн боловсруулж хэрэглэх ёстой. Учир нь Монгол орны болон Төв Алтайн бүс нутагт явуулсан судалгааны материал дотор арьсан урлагийн өв соёлтой шууд холбоотой олон арван шинэ сэргэг эд олдвор олдсоор байгаа нь цаашид энэ сэдвээр судалгааны ажлыг өргөнөөр явуулах хэрэгтэй байгааг харуулж байна.
Ном зүй
1. Ариунболд, Р., Арьсан урлагийн уламжлал, Дүрслэх урлаг, УБ., 1996
2. Амгалан, М., “Баруун монголын үндэстэн ястны эдийн соёл”, УБ., 1999
3. Батчулуун, Л., “Ширэн дашмаг түүний чимэглэл” ШУАМэдээ, УБ., 1986 №3
4. Сонгино, Ч., “Монголын бэлчээрийн мал аж ахуй, монгол малын арьс шир арьсан эдлэл, тоног хэрэгслэл”, УБ., 14-р боть
5. “Соёл урлагийн сургуулиудын ЭШБХ илтгэлүүд”, УБ., 2010, №50
Ц.Солонго 2012 оны 12 сар
Маш хэрэгтэй сайхан нийтлэл болжээ
ReplyDelete