ТМГ
Friday, May 17, 2013
Зүүднээс нисэж ирсэн бүтээл
Зүүд бол өөр ертөнц рүү харах цонх. Зүүдлэгч эзнээсээ үл хамааран ер бусын байх ба бодмт байдал, хуурмаг байдал хоёрын тэнцэл мэт байдаг нь зүүдний увидаст чанар хүний сэтгэлийг хүчтэй доргион биднийг цочроож туйлын эрх чөлөөг оюун санаанд мэдрүүлдэг. Яг л үлгэр домгийн мэт чөлөөт байдал нь урлагтай илүү ойр уран бүтээл туурвихад дөхөм мэдрэмжийг төрүүлж байна. Ихэнх тохиолдолд хүмүүс зүүдээ манан өглөө болоход сайныг нь бэлгэшээн дотроо биелэхийг хүсэж хадгалж, мууг нь домнон тайлж бусадтай ярьж хуваалцан сэтгэлээ тайвшруулдаг зан үйл бөгөөд бичигдээгүй хууль мэт үйлчлэх сүсэг гэж болох юм. Зүүд бидний ухамсар, сэтгэл мэдрэмжийн гүн нууцлаг язгуурт байрлаж, өөрийн үнэн цэвэр дүр төрхөө бодгалын адал явдалт бэлгэдлээр илэрхийлж байдаг.
Бид бүхний хамгаас далдлан нууцалдаг элдэв нууцыг нүдний өмнө нүцгэн зогсох хүн мэт ил гарган илтгэдэг. Зүүдний ертөнцийн нууцлаг нэгэн агшинг үзүүлж, ойлгуулан дүгнэхийг хүсэж, уран бүтээлч миний биеийн амьдралд үргэлж ойрхон байсан хамгийн сайн мэдэх сэдэв, бага наснаасаа л зүүдээ хүнд ярих дуртай их мөрөөдөмтгий байдал минь уран бүтээлээ туурвихад тусгалаа олж сэтгэлийг минь хөглөсөн юм. Эрдэмтэд, угсаатны зүйчдийн зүүдийг судалсан байдлаас энэхүү үзэгдлийг гоо зүйн хувьд нээн, ямар сайхан эсхүл ямар сонин зүйл байгааг өөрийнхөө ертөнцөөр харж, дүрслэл бэлгэдлээр илэрхийлэхийг зорьсон юм.
Дашмаганд хийсэн нууцын эрэлд
Уран бүтээлч хүн эцэж цуцахаа мэдэхгүй мөнхийн ажиглагч байдаг. Аливаа амьдралын талуудыг танин мэдээд уран бүтээлч сэтгэлгээгээр нөлөөнд нь орж чиглэмжийг хайх, сонгох ил нээлттэй байдлыг дэмжин оюуны эрх чөлөөг бий болгодог. Энэ оюуны эрх чөлөө нь урлагт байдаг. Урлаг нь өнөөдрөөс өнгөрсөн ба ирээдүй рүү чөлөөтөй аялдаг. Ингэж жигүүрлэн чөлөөтөй нисэх нь миний сэтгэлийг татаж монголчуудын урлагийн шавхагдашгүй баялаг нууцыг судлан танин мэдэх хүсэл үргэлж хөтөлсөөр......
Хүннү гүрэн, Эзэнт гүрний үед нүүдэлчдийн хүчирхэг байсны нууцыг тайлж мэдэхийг хүн бүр хүсдэг. Аливаа зорилгын амжилтанд өчүүхэн жижиг зүйл маш том суурь, тулах цэг болж өгдөг. Дашмаг нь эзэн Чингисээс эхлээд их хаадын аян дайнд монгол цэргүүдийн байлдааны ажиллагааг хурдан явуулдаг байсны нэгээхэн жижиг нууц нь болж байсан мэт. Монгол цэргүүд ширэн дашмагнууддаа уух уснаас гадна өөрсдийн хэрэглэх борц, цагаан идээг хийж олон хоног морин дэл дээр, урт замыг туулж, байлдах чадвартайгаар хүрэх газраа хүрдэг байжээ.
МЭӨ 3000-МЭ 1000 жилийн өмнө гүзээнд ус хийх, нойтон ширэнд шингэнийг боож агуулж байсан нь ширэн савны өвөг болно. Дашмаг нь ус хийж боосон арьс ширэн савны хэлбэрийг өнөөг хүртэл хадгалсаар, хожим мөнгө, зэс, гуулин дашмагуудөнө эртний түүхэн хэлбэрийг дамжуулан уламжилсаар иржээ. Энэ бүхнийг хараад оюун бодолдоо тунгаах бүрийд судлагдахуун намайг судлаач, алдаршуулаач гэж надад шивнэх мэт. Ард түмний амьдралын хэрэгцээ шаардлагаас үүсэж, хөгжин улмаар тэр үеийн урлаачдын бүтээсэн дашмаг гоо зүйн болоод бусад хэрэгцээг хангасан цогц шийдэл бүхий бүтээл байсан гэдгийг батлах гэгээн зорилго надад байна.
Эзэнт гүрний үеэс эхэлсэн уламжлал хадгалагдсаар шилийн сайн эрчүүд хонины гүзээнд ус хийн, энд тэнд явахдаа булж орхин хэрэглэж байсныг “Тунгалаг тамир” киноноос харж бахархаж байсан цаг саяхан. Гэтэл өнөө цагт орос ах нарын нэрлэсэн дашмаган хэлбэртэй котел-аяган дотроо суурилсан тагтай ус хийдэг төмөр сав, манерк-аягагүй ус хийдэг 1литр орчим шингэн багтдаг савыг цэрэг дайнд хэрэглэж одоо ч монгол цэргүүд хэрэглэж байхыг бид мэднэ. Энэ хаанаас үүтгэлтэй вэ, Монголчуудаа?.
Монгол оронд шинэ чулуун зэвсгийн үе буюу МЭӨ IV- II мянган жилийн тэртээгээс мал аж ахуй үүсч хөгжих зохих шатыг туулжээ. Монголчуудтай холбогдох эртний арьсан эдлэлийн дурсгал нь ОХУ-ын Уулын-Алтайн уулсын нутаг дахь Пазырыкын булшнаас гарсан эд өлгийн зүйлс харуулна.1 Эндээс угалз наан оёж, чимэглэсэн арьсан дашмаг, амьтны дүрст эсгий эдлэл, модон сийлбэрийг арьс оролцуулан хийсэн онгод дүрсүүд, хүний биен дээр урласан шивээс зураг гарчээ.
Дашмаг нь XII зууны монголчуудын цагаан идээний сав байсныг батлахын сацуу нүүдэлчид дашмаг, ширэн саванд архи, айраг, шингэнийг удаан хугацаагаар дарж хадгалдаг сонирхолтой мэдээ байна. Дашмаг савыг говьчууд намаг гэж одоо хүртэл нэрлэж байгаа нь тэр эртний хэллэгийг хадгалсан сонин зүйл бөгөөд намбага гэдэг нэр нь аажмаар намаг болжээ. Дашмагийн хөвөөгөөр хоёр нурууны алх улладаг нь түүнийг хоёр хэсэг эсгэж хээ дараад оёж шагладаг болсон үетэй холбоотой хээ чимэглэл юм.
Ийнхүү дашмаг зэрэг арьс ширэн урлалын аргыг монголчууд гэрийн удамшил сургалтаараа өвлөн уламжилж иржээ. Увс, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл, Архангай, Говь-Алтай, Дорнод зэрэг газрын музейд дашмаг байгааг бодоход монголын нүүдэлчдийн нийтлэг сав байжээ.2
Эрдэмтэн Грум Гржимайло Баян ядуу ямар ч айл өрхийн ширэн дээр хээ угалз товойлгон урласан нарийхан хүзүүтэй дашмаг гэдэг саванд 1-2 лонх шингэн багтана. Голдуу архи, хааяа сүү хийж явдаг гэж тэмдэглэсэн нь товтой баримт юм. Зориулалт, хэлбэр, урлаг, хийсэн арга барил хээ угалз чимэглэлийн зөн билгээрээ монгол дашмаг нь: Тувачууд кегоржик, Алтайчууд- ташаур, Казакаар торсык, Киргизийн коокор, Торгууд кокуур, Халимагийн бортхо зэрэг савтай хийцийн хувьд адил төстэй байна.3
Арьсан дашмагийг урлахуй: Дашмаг хийхдээ ширийг шар ус, давсны адил тэнцүү холимогт хийж үсийг зумлан нойтон дээр нь ар, өвөрийн хоёр дугуйг эсгэн хээ гаргахын тулд нойтонд нь хэв хийж сайн шахаад хээний хонхорыг дагуулан халуун төмрөөр өнгөцхөн хайрах болон хээ дарах аргыг хэрэглэж байв. Хээ дардаг урлаачдыг дармалчин гэдэг. Ингэж хээлсний дараа ар, өвөр талаа эхлээд махан, дараа нь хөрсөн талаа нийлүүлж шөрмөс буюу шөрмөс хялгасны холимог утсаар оёж, нойтон байхад нь дотор нь өвс элс чихэж, бөөрөнхий дугариг хэвд оруулан хатаасны дараа өвс, элсээ ухан авч айраг архиа хийдэг байжээ. Дашмагийг хийж бэлэн болсны дараа утаж урь идэхээргүй сүүдэр сэрүүн газарт хадгалдаг байна. Утиарлах нь бат бөх болох сайн арга бөгөөд унийн толгой, дашмагт нар дайруулахгүй хатааж болно. Арьсны өнгө шаргал, хүрэн бор, ухаа, ухаа хүрэн болтол өөрийнхөө санаанд хүртэл утлага хийдэг байжээ.4
Урианхайчууд ташуур гэж дашмагаа нэрлэдэг нь сонин бөгөөд монгол туургатны нийтлэг сав болохыг тэмдэглэсээр иржээ. Ширэн дашмаг бөх, уян налархай, муудаж ялзрахгүй бөгөөд хүзүү цүлхгэр, зуйван хэлбэр, модон толгойтой учир нүүдэл суудалд нэн тохиромжтой ажээ. Ер нь гоёл чимэглэлийн урлагийн бүх төрөл хүний амьдрал, байгалийн нөхцөлтэй холбоотой билээ.
Монгол ардын дуунд: Дашмаг хийсэн архинд нь,
Ташуур хийсэн аавуу даа,
Ташил вандан хадагт нь
Олзуурхас хийсэн аавуу даа гэж гардаг нь сүй тавих эрхэм хүндэтгэлд дашмагтай архи ордог байсныг харуулж байна. Сум хөхүүр зэрэг сав суулганы хэлбэр нь хавчиг байдаг нь нүүдэлчдийн хэрэгцээтэй холбоотой бөгөөд хүн төрөлхтний сав суулганы нилээд эртний хийцийг хадгалсан байдаг. Өнөө үед судлаачид баруун монголын малчдад хэрэглэгдэж байгаагаар нь тохоон нэрлэж байгааг бас бодууштай. Дашмаг нь хаана ч, хэзээ ч давтагдашгүй арьсан дурсгалт зүйл болох нь судалгааны явцад анзаарагдах болов уу. Эртний монгол язгуурт нүүдэлчдээс уламжилсан урлаг соёлын хосгүй баялаг өв бол хээ угалзны урлаг мөн. Энэхүү хээ угалзыг урлан бүтээж, эдлэл хэрэглэлээ чимэж байсан нэгэн гол материал нь арьс шир байжээ.
Морь, марал, лууны дүрсүүдийг алтайчуудын 12 жилийн хуанли, бөөгийн хэнгэрэг дээр байдаг энэ нийтлэг чанар нь ташууруудыг төрөл бүрийн шашны үйл явдалууд, мөргөл үйлдэхэд шашны сав болгон хэрэглэдэг байв. Иймээс тахилга болгож морь бусад амьтад, золиос болгох амьтныг уядаг гацуур мод, шашны сав, омгийн тэмдэг, тамга, гэрэл, дэнлүү гэх мэт дүрсүүд дашмаг дээр тааралддаг. Ташуур, арьсан хөхүүр, богц мэтийн зүйлүүдийн чимэглэл дунд хоёролсон симметрэн гогцоо \үзүүр дээр ромбон дүрстэй\ хээ тааралддаг. Энэ нь цөөн айлуудад үлдсэн тулганы мах, тогоо өлгөх том гогцооны хэлбэр юм. Энэ дүрсийг “Кульдя” гэдэг. Пазырыкийн булшнаас олдсон наамал, баримал, рельефен бүтээлүүд дээр байдаг амьтдын толгойн дүрслэлээс үлдсэн хэлбэр юм. Хорол фүүзэн хээтэй бол ихэс дээдэст, аав ах ээж дүүдээ өлзий хээтэй, ахмад хүнд алхан хээтэй дашмаганд сархадын болон цагаан идээний дээж барьдаг байжээ.
Ширэн эдлэлийн урлал манай ард түмний дунд эртний үеэс үүсэж хөгжсөн уламжлалтай билээ. Түүний дотор баруун монголчуудын олон ястан дотор ширэн урлал нь янз бүрийн хийх арга зүйтэй байсан тухай Увс аймгийн орон нутаг судлах музейн цуглуулганд байгаа зүйлээс харж болно.
Арьс ширийг зөвхөн ахуйн зориулалттай эд зүйлсийг хийгээд зогсохгүй арьс ширний сунамтгай уян хатан шинж, дүрслэлийг нарийн буулгах боломж зэргийг ашиглаж урлагийн бүтээлийн шинжтэй олон зүйлсийг ур ухаан шингээн бүтээхэд өргөн хэрэглэж байжээ. Өдгөө Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй дашмагнаас харахад хээ угалзны урлагийн үндэс эх булаг нь хүрээлэн байгаа ертөнцөө хэвийн байдлаар нь үзүүлж ёс горимд зохицуулж амьд хэмнэл, дүрс хэлбэр олгож өгсөн байна.Дашмагны бөөрөнд тавьсан дугуй фүүзэн хээ нь монгол үндэсний бэлэгдэлийн учир утгатай байх ба энэ нь ихэс дээдэст сархадын болон идээ цагааны дээж барихад хэрэглэж байсныг илтгэнэ. Эргэн тойрон ширмэл хээтэй суран оосор бүхий модон тагтай, арьсан дээр хонхойлон дарж сийлэх маягаар хээ чимэг хийсэн нь гоёмсог болгожээ. /33.8х25.4х11.5см 530гр/, Хувийн дугаар:69.40.95
Дүгнэлт
Нүүдэлчдйин сав суулганы ихэнх нь арьс ширэн эдлэл байсан авч орчин үед хүмүүс хэрэгцээндээ маш багаар ашиглах болжээ. Ширэн эдлэлд шингэн зүйлийг удаан хугацаагаар хадгалахад савны хэв хэлбэр, хийц маяг алдагдахгүй байхын хамт хадгалсан зүйлийн амт чанар муудахгүй онцлогтой. Арьсан сав суулга хийхдээ бусад материалтай хослуулан өнгө үзэмж, чанарыг нь сайжруулахын зэрэгцээ уг зүйлийг гоо сайхны талаас нь анхаарч чимэглэл хийж нэгэн ёсны урлаг болгон хослуулан хэрэглэж иржээ.
Эртний урлахуй арга нь судалж үзэхэд уялдаатай хөгжсөн урлаг байсан байна. Үүний нэг бодит жишээ бол дашмаг, түүний чимэглэл юм. Дашмаган дээр тавьсан хээ чимэглэлийн билэгдлийн ялгаа ямар үйл хэрэгт авч явдаг байснаараа ангийн, аян дайны, ахуйн хэрэглээний, шашины зан үйлийн гэх мэтээр ангилан үзэж болох бөгөөд мөртэй дашмагийг-”Төгрөг”, мөргүйг-”Булахнаг” гэж нэрлэдэг байжээ.
Ус бол чандмань эрдэнэ хэмээн монголчууд дээдэлдэг. Тийм ч учраас монголчууд уух ундаагаа хамгийн найдвартай авч явахад авсаархан сонгомол загвар дашмаг нь монгол хүний оюун санаанаас бүтсэн сод туурьвил бүтээл юм. Нүүдлийн аж ахуйтай уялдан тэр бүхэнд тохирсон эдлэл хэрэглэл бий болсноор нүүдлийн соёл нь суурьшмал соёлоос ялгагдах болжээ. Дашмаг, түүний чимэглэл, дүрслэл зэрэгт бусад овог аймгийн уламжлалт хувьсал, өөрчлөлт, харилцан бие биендээ уусах шинж байдал харагдаж байна.
Арьс нь өөрийн давтагдашгүй чанараараа эдэлгээ хэрэглээний явцад өнгө зүс, бат бөх байдал нь улам сайжирдаг. Хөгжлийн явцад дашмагны үндсэн хэлбэр нь бүрэлдэн тогтож мод, төмөр, бусад материалтай холбогдон нэгэн хийц, урлаг болон хөгжжээ. Энэ бүхнийг унаган төрхөөр нь хадгалж уламжлахын сацуу гоо сайхны хэрэгцээнд тохируулан орчин үед ахуй амьдралдаа шинэчлэн боловсруулж хэрэглэх ёстой. Учир нь Монгол орны болон Төв Алтайн бүс нутагт явуулсан судалгааны материал дотор арьсан урлагийн өв соёлтой шууд холбоотой олон арван шинэ сэргэг эд олдвор олдсоор байгаа нь цаашид энэ сэдвээр судалгааны ажлыг өргөнөөр явуулах хэрэгтэй байгааг харуулж байна.
Ном зүй
1. Ариунболд, Р., Арьсан урлагийн уламжлал, Дүрслэх урлаг, УБ., 1996
2. Амгалан, М., “Баруун монголын үндэстэн ястны эдийн соёл”, УБ., 1999
3. Батчулуун, Л., “Ширэн дашмаг түүний чимэглэл” ШУАМэдээ, УБ., 1986 №3
4. Сонгино, Ч., “Монголын бэлчээрийн мал аж ахуй, монгол малын арьс шир арьсан эдлэл, тоног хэрэгслэл”, УБ., 14-р боть
5. “Соёл урлагийн сургуулиудын ЭШБХ илтгэлүүд”, УБ., 2010, №50
Ц.Солонго 2012 оны 12 сар
Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейн товч танилцуулга:
Ардын зураач Н.Цүлтэмийн санаачлагаар байгуулжээ. 1966
оны 3-р сарын 31-нд Сайд нарын Зөвлөлийн “Дүрслэх урлагийн музейн” байгуулах
тухай 87-р тогтоолын дагуу 1966 оны 7-р сарын 23-ны өдөр олон нийтэд үйл
ажиллгаагаа явуулжээ. Музейн нь анх 300 гаруй үзмэртэй нээгдэж байсан бөгөөд
жил бүр үзмэрээ байжуулан өргөжүүлсээр, байрын багтаамжийн хомсдолоос 1989 онд
тус музейн орчин үеийн хэсэг нь “Уран зургийн галлерей” нэртээгээр музейгээс
бие даан тусгаарлагдсан байна. 1995 онд Их соён Гэгээрүүлэгч Өндөр гэгээн
Занабазарын мэндэлсний 350 жилийн ойгоор тус музейг түүний нэрэмжит болгосон. Тус
музейн нь нэн эртний үеээс XX-р зууны
эхэн үе хүртэл 17000 гаруй үзмэр цуглуулгатай ба он дарааллын
болон сэдэвчилсэн байдлаар зөвхөн 10 хувийг 1583,6м3 талбайд дэглэн үзүүлдэг.
Музейн танхимууд: Эртний урлаг,
Г.Занабазарын бүтээл, Шүтээн зураг, Зээгт наамал, Цам бүжиг, Монгол
зураг, Барлах урлаг, Ардын урлаг, Майдрын танхим гэсэн нийт 10 үзүүллэгийн танхимтай. Эртний
урлагийн үзүүллэгийн танимд Чулуун зэвсэгийн үе (палеолит)-ын –ын үед хамрагдах
Ховд аймгийн “Хойд цэнхэрийн агуй”-н сүг зураг, хүрэл зэвсгийн үеийн
хутга, зүү, онго шүтлэг буюу хүрэл эдлэл, буган чулуун хөшөө, Хүннү
гүрний үеийн шавар ваар, Түргийн үеийн хөшөө дурсгал, Уйгарын үеийн ханын
зураг, Хавтай сайнй ханы ханын зураг зэрэг эртний улсын үейин түүхэн дурсгалтай
танилцаж болно.
Өндөр гэгээн Г.Занабазарын танхимд түүнийн мутрын бүтээл,
дэг сургууль бүтээлийн дэглэн үзүүлсэн. Монголын
анхны богд (өндөр гэгээн) нэрт уран
барималч, Чингис хааны алтан ургийн удам Гомбодоржийн Занабазар (1635-1724) тухайн үеийн шашны дүрслэлийн урлагт
шинэчлэл хийсэн билээ. Тэрээр уран барималч, зураач, яруу найрагч, одоогийн
нийслэл Улаанбаатар хотын туурь Их хүрээг байгуулж, сүм хийдийн уран барилга,
“Соёмбо” үсгийг бүтээсэн зуу зуунд алдаршсан соён гэгээрүүлэгч юм.
Г.Занабазарын “Язгуурын таван бурхад”-ын дөрөв, “Цагаан дарь эх”, “Бодь
суврага” алтан шармал, хүрэл цутгуур баримлууд болон “Эх Ханджамцын”, “Өөрийн”
хөрөг зургууд нь музейн эрдэнэсийн дээжис төдийгүй дэлхийд алдаршсан хосгүй бүтээлүүд
юм. Тэрээр шашны урлахуйн ухаанд хүнлэг шинжийг илүүтэй шингээж, хүрэл
цутгуурын аргаар урлах бүрэн боломжийг нээсэн нь уран баримлын тусгайлсан дэг
жаяг болж чадсан билээ. Г.Занабазарын дэгээр туурвисан бүтээлүүдийг музейн
танхимд үзэж болно.
Танка зураг б ба зээгт наамал Бурхан зурах нарийн дэгийг баримтлан
зураас, өнгө, зохиомжийг гайхамшигт зохирол дүрслэлийг цогцлоосон “ТАНКА”
зургууд музейн танхимуудад бий. Байгалийн гаралтай шороон будгийн эдгээр
зургууд он цагийн шалгарлыг давж бат бэх чанараа алдалгүй өдий хүрч чадсан
бөгөөд хуйлж эвхэн зөөвөрлөх арга нь нүүдлийн амьдралд зохицжээ. Танка зургийг
сүм хийд болон айл гэрт залан шүтэж тахиж байв.
Зээгт наамал буюу торгон дээр торгоор урлах урлал нь эртний
уламжлалтай болохыг Хүннү гүрний үед хамрагдах “Ноён уулны булш”-ийн
ширмэл ширдэг гэрчилдэг. Торго, хоргойгоор нааж, оёж зээг тавьсан энэ урлал нь
дүрслэх аргаараа Танка зурагтай эн зэрэгцдэг учраас монголчууд “Торгон зураг”
гэж нэрлэдэг. Их хүрээний Хасгомбо, Тойслонгийн Цэнд, Тавхайбор зэрэг нэрт
бурханч зураачдын дэгээр бүтээж, олон уран хатгамилчидын гараар бүтээсэн зээгт
наамлыг музейд үзэж болно. Мөн зээгт наамлыг эрдэнийн чулуугаар чимж урласныг Хосгүй
үнэт бүтээлүүд дэлгэсэн тавьсан. Том хэмжээний (17х10м) бүтээсэн зээгт
наамлууд музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.Цамын баг, хувцас чимэг зүүлт
олон төрлийн урлалын цогц бүтээлүүд музейд үзүүлсэн.
Ардын урлаг Монголчууд байгалийн
болон мал аж ахуйн гаралтай түүхий эдийг ашиглан яс, мод, ноос, арьсаар олон
төрлийн урлалыг бүтээж байв. Ардын урлаг нь зээгт наамал, зүү ороолт, цаасан
шуумал, арьс ширэн эдлэл, яс модон сийлбэр, ган төмөр цоолбор, алт мөнгөн
шармал, зэс гуулин хөөмөл, зүмбэр зэрэг төрлүүдээр баяжин хамгийн түгээмэл
хэлбэрээр нүүдэлчдийн амьдрал дунд хөгжиж иржээ. Ялангуяа ган сийлбэрээр
жинхэнэ монгол дархны урлалыг илтгэсэн хэт хутга, аяга, домбо, эхнэр хүний
толгойн боолт, чимгүүд, модоор урласан амьтны дүрсүүд нь ард түмний зан үйл,
дүрслэлийн ур чадварыг харуулна. Монголчуудын малчин аж ахуй, ёс заншлын
хөгжөөнтэй аясаар дүрсэлсэн зураач Балдуугийн Шарав (1869-1939)-ын “МОНГОЛЫН НЭГ
ӨДӨР”, “ҮРС ГАРЧ БАЙГАА НЬ” зургууд олон үйл явдлыг багтааж хүүрнэх монгол
зургийн өвөрмөц зохиомж, өнгийн илэрхийлэлийн аргыг таниулна.
Нэгэн цагт дэлхийн хэмжээний
хүчирхэг төр улсыг байгуулж, дорно өрнийг холбосон шинэ соёл иргэшлийг бий
болгосон Монголын ард түмэн балар эртнээс орчин цаг хүртэлх урт удаан хугацаанд
дүрслэх урлагийн бүхий л төрлөөр давтагдашгүй уран сэтгэмж, өвөрмөц содон
билэгдэл дүрслэл бүхий арвин дурсгалуудыг цогцлоон үлдээсэн нь үнэхээр бахархмаар
билээ.
Нүүдэлчин амьдралын өвөрмөц
онцлог, харь гүрнүүдийн халдлага дайралт,байгалийн гамшиг, соёлын өвийн хулгай
дээрэм зэргээс болж, үе үеийн урчууд, авьяастан билэгтнүүдийн бүтээсэн олон
үнэт дурсгал, алдагдсан, үрэгдсэн, устаж үгүй болсон хэдий ч, хойч үеийн үр сад
болон дэлхийн олон үндэстнүүдийн өмнө дэлгэн үзүүлэхэд чамлахааргүй арвин их өв
дурсгал, судлах зүйл маш ихийг үлдээжээ. бидний үед түүнийг бишрэх цаашид
судлан, хөгжүүлэх их замын гараа маш өргөн байна.
Анар жимс тойрон нисч буй зөгийний тухай сэрэхийн өмнөх зүүд” бүтээлийн тухай 1944 Сюрреализм Сальвадор Дали -/1904-1989/
Жинхэнэ Сюрреалист уран бүтээлч С.Далигийн уран бүтээлийн
сонгодог үеийн оргил бүтээл болох “Анар жимс тойрон нисч буй зөгийний тухай
сэрэхийн өмнөх зүүд” /1944/ бүтээлээр тайлбарлахыг зорьсон юм. Дүрслэх урлагийн
түүхнээ тодрох 1924 онд францын зохиолч, яруу найрагч Андре Бретон
сюрреализмийн тунхаглалыг нийтэлснээр сюрреализм хэмээх шинэ урсгал эхэлсэн
түүхтэй. Сюр/sur/ францаар дээр гэсэн утгатай сюрреализм нь бодит байдал дээрх
бодит байдал хэмээх утгыг илэрхийлнэ. Сюрреализм нь францын Анри Бергсон
/1859-1941/, германы Вилгельм Делтей /1833-1911/, Австрийн Зигмунд Фрэйд
/1856-139/ нарын сэтгэл зүйн онолд тулгуурласан байна. Анхны сюрреалист
зураачдын тоонд Массон, Хуан Миро, Маркс Эрнст, Ив Танги нар ордог.
Уран бүтээлийнхээ эхний үед импрессионизм, кубизм
сонирхож байснаа хожим нь сюрреалист чиглэлээр ажиллажээ. Сюрреализм нь
мөрөөдөл болон зүүд, бодит байдлын хоорондын зайг нөхөх зорилготой гарч ирсэн. Өвөрмөц харийн ертөнцийг
зотон дээрээ толилуулдаг аймшгийн сэтгэгдэл төрүүлдэг. Тэрээр гэрэл зураг
сонирхдог байсан нь түүнийг бодит байдал, нямбай бичлэгийг баримталсан өвөрмөц
арга барилтай дүрсэлдэг болгосон байв. Дали хэдэн зуун уран зураг, зураасан
зураг бүтээсний дээр кино зохиол, бүжгэн жүжгийн оршил бичиж, өөрийн тухай ном
туурвиснаа дэлхий дахинаа нэрээ цуурайтуулсан юм. 1929 онд Гала хэмээх оросын
цагаач бүсгүйтэй гэр бүл болжээ. Дали түүнийг
өөрийнхөө урлагийг тэтгэгч тэнгэр гэж байв. Түүний бүтээлүүдийн
эмэгтэй хүний дүрс нь эхнэр Галагийн дүрс нь байдаг байв. Түүний уран сайхны
гажиг сэтгэмж үзэгчид шүүмжлэгч нарын
гайхширалыг төрүүлж байв. “Сэрэхийн өмнө нь анар жимсийг тойрон
нисэх зөгийний тухай зүүдэлсэн нь” /1944/ бүтээл сэтгэл хөдлөлийг зогсонги
байдалд байсан үзэгчийг эдгээр нь ямар ч авцалдаагүй байдлыг үзүүлэх бүтээлүүд
дэмийрэл айдсын ертөнцөд аваачна. С.Дали нэгэн удаа “Сюрреализм гэдэг чинь
би” гэж тунхаглажээ. Аймшигт хар дарж зүүдэлж байгаагаа, киноны бичлэгийг
нэг хавтгайд нэг дор зохиолийн өгүүлэл мэт дүрсэлж чадсан нь гайхамшигтайгаар
уншигддаг. Түүний эл бүтээл Эртний Грекийн гоо зүйчид Яруу найргийг тэргүүнд
үзэж, Дүрслэх урлагийг дараа нь оруулж байсныг илтгэх мэт нөгөө талаас дүрслэх
урлаг,яруу найраг хоёрыг хослуулж дүрслэх урлагийн гайхамшгийг бишрүүлэх мэт.
“Яруу найраг бол сонсох уран зураг, Уран зураг бол харах яруу найраг” гэсэн
үгтэй яг тав нийцжээ. Энэ бүтээлийн дүрс болгоныг уншиж болох мэт бодогддог нь
энэ бүтээлд логик санаа байгааг тодхон гэрчилнэ.
........... Би хар дарж зүүдэлж байна. /Ц.Уранчимэг
“ХХ зууны өрнөдийн урлаг 2007
Зүүдэлж байгаа юм нь ялихгүй өчүүхэн зүйл , гэхдээ яг шиг
дүнгэнээд , хатгаад, анар шүүстэй адил уураг тархийг минь зовоож өгнө. /Зүүдэлж
буй зүүд хар дарсан аймшгийн уур амьсгалтай боловч өчүүхэн зөгийний тухай зүүд
юм. Гэвч Дали зүүдэнд төрсөн сэтгэгдлийг хүнд хүргэхээр дүрслэлийг сонгожээ /
Анар минь задарч ,жимснүүд нь бөмбөрөн унахад энэ хар
дарсан зүүд намайг буу шиг цочооно. Архирсан бар мэт надруу ”довтолж “ намайг
барьж идэх нь. /зүүдний гол зүүдлэгхүүн зөгий боловч анар жимс болон
зөгийний хатагадаг эрвэгнүүлэх сэтгэгдлийг анар жимсний шүүстэй зүйрлэн мөн
бар, бууг шууд утгаар нь ашиглан тодотгол болгон дүрсэлсэн мэт/
Уурласан заан хаа нэгтэйгээс архиран над дээгүүр алхсан
мэт цээж минь давчидаж, халуу шатавч, хүйтэн хөлс асгарна /С.Дали
бүтээлдээ заан дүрсэлдэг нь элбэг байдаг нь их анхаарал татам Дали бол өөрийн
дотогшоо хандсан өөрийхөөрөө байж чаддаг хүн байв магадгүй энэ нь заан нь өөрөө
бөгөөд зүүдэн дотроо өөрөө тэнүүчлэн зүүдний цонхоор харж, хар дарсан зүүдэнд
дургүйцлээ илэрхийлэх мэт зохиомжинд өөр ертөнцөөс ирсэн мэт ялгарч харагдхаар
хүйтэн хөлс цутгаж байгаагаа эмэгтэй мөсөн дээр хэвтүүлэн дүрсэлжээ/
Гэвч энэ бол зөвхөн зүүд, намайг сэрэхэд хөх тэнгэр
цэлийн үзэгдэж, хэдхэн хормын өмнө үзсэн зүүд маань өөр нэг ертөнц мэт, эс
бөгөөс С.Далигийн эл зураг мэт санагдаж өнгөрнө /зүүднээс сэрэхэд
бүх юм сайхан болно гэдгийг илэрхийлж тайвшруулах мэт фононд нь байгалийн
сайхан цэлмэг тэнгэрийг дүрсэлжээ болж буй бүх үйл явц зохиомжинд яг дүүрэн
харагдаж эвлэлдэн нэгдсэн шиг / Зураач дүрслэлдээ нууцгай өвөрмөц
ертөнцөө бий болгохдоо бодит дүрсийн тухай хүний жирийн төсөөлөл ерөнхий
ойлголтыг ашиглаж, үүн дээр тоглож улмаар үзэгчдийг гайхан цочирсон байдалд
хүргэхээр шийдэж бүх дүрсээ нарийн тоочиж бичих аргаар зуржээ. Сюрреалист уран
бүтээлд заавал 3 онцлог шинж чанар ажиглагддаг. 1.Сюрреалист уран бүтээлийн
орон зай хэзээд нууцлаг, далд утгатай, үйл явдал хаана болж байгаа нь оньсого
болно. 2.Айдсийн уур амьсгал байнга оршдог ба үүнийг үхэлтэй холбож
хөнддөг 3.Бэлгийн төрөлх мэдрэмж үргэлж байдаг. Энэхүү бүтээлд Сюрреализийн
онцлог гүн шингэжээ.
“Сэрэхийн өмнөх зүүд “ гэж зургийн нэрэнд орсон үгсээс
үзвэл, зөнтэй мэргэн зүүд өглөөгүүр зүүдлэгддэг учир нь бид өдрийн ядаргаа тайлж,
бүхэл шөнийн турш унтдаг унтахийн хэрээр бие амран суларч, ухамсар улам тод
болон зүүд хөнгөрнө ингэснээр зүүд ч тодорхой болно. Үүнийг зүүдний сударт
зүүдний цаг хэмээн тэмдэглэжээ. Сэрэхийн өмнөх гэхээр үүрээр зүүдэлсэн зүүдний
тухай зураг болох ба зүүдний зүүдлэгдэхүүн зөгийг зүүдэлсэн нь зүүдний тайлалд
зөгийг зүүдлэх нь мөнгөтэй болж, хөрөнгө өсөхийг илтгэдэг. 1956 Париж хотод
“Хуучны мэдрэмжтэй орчин үеийн урлагийн хоёр нүүртэн” ном хэвлэхэд нүүрэн
хуудсанд нь “Авидадолларс” гэсэн товчилсон үгс байв. Энэ бол Сюрреалист зураач
Андрэ Брэтоноос дотны анд Сальвадор Далийн овог, нэрийг товчлон ”Долларт
шуналтай эр” гэсэн утга гаргасан нь энэ ажээ. Дали өөрийнхөө тухай хэлэхдээ “Би
бага байхдаа Мигель де Сервантес Дон Кихот мөнхийн роман бичиж, Испани эх орноо
дэлхийд алдаршуулсанч ядуу зүдүү байдалд үхсэн, шинэ тивийг нээсэн Х.Колумб
орох оронгүй оочих аягагүй байсныг мэдэж аль болох түргэн тэрбумтан болох
мөрөөдөлд автсан” гэж дурсан бичсэн байдаг.
Үүнээс уран бүтээлчийн ядуу зүдүү амьдралд дургүй мөнгөнд
их шунахай байсан, нөгөө талаас түүний нэр алдрын оргилд хүрч эд баялгийн эзэн
болохыг түүний далд ухамсарт шингэсэн нь зүүдэнд нь зөн билэг болон илэрсэн
Зүүд судлаач Густав Миллер “Зүүд бол хүний бодит мэдрэхүй салгагдсан үед далд
ухамсарт болж буй үзэгдэл” гэжээ. Үүнээс зураач өөрт зүүдлэгдсэн зөгийний тухай
хар дарсан зүүдээ сюрреализмд илэрхийлэн дүрслэхдээ үнэхээр гайхалтай өөрт
төрсөн сэтгэгдлээ бусдад дэлгэн хүмүүст шууд ойлгогдохоор зурсан гэж бид үзэж
байна. 1.Сюрреализм гэж юу вэ? Зарчим
онцлог 2. Жинхэнэ Сюреалист уран бүтээлийг “Анар жимс тойрон нисч буй зөгийний
тухай сэрэхийн өмнөх зүүд” 1944 зургаар харуулах 3. Эрт үеэс хүмүүс гал
тойрон нэгдсэн бол орчин цагт оюун ухаанаараа хүн төрөлхтөн нэгдэж байна. Энэ
үест яригдаж буй далд ухамсар түүний хүч , зөн совинг Сюрреализмд монгол уран
бүтээлчид шинэлэгээр тусган уран бүтээл бүтээлээсээ. 4. “Анар жимс тойрон нисч
буй зөгийний тухай сэрэхийн өмнөх зүүд” /1944/ уран бүтээлийг өөрийнхөөрөө
тайлбарлан хүмүүс аливаа уран бүтээлийг уншиж, улмаар Сюрреалист уран бүтээлийг
ялгаж чаддаг болохыг мөн энэхүү бүтээл С.Дали өөрт зүүдлэгдсэн зөгийний тухай
Сюрреализмт ийнхүү дүрсэлсэн юм.
Ц.Солонго 2010 оны 4 сар
Урлагийн залуу манлайлагч
Монголын
урлагийн зөвлөлөөс бээжин дахь норвегийн Элчин сайдын яамны
дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн "Урлагийн залуу манлайлагч" хөтөлбөрийн 2011
оны анги
Sunday, May 22, 2011
Улаанбаатарт ''Чулуун түүх'' байна уу?
Би бол “Өндөр-хоршоо”
(Эртний барилга өгүүлэх нь: J)
Тоонот цагаан өргөөндөө наран цацруулсаар ирсэн нүүдэлчин ард түмэнд соёлын үрийг түгээхээр анх намайг Оросын худалдаачин Гудвинцал ах 1905 барьсан юм.
Тэр үедээ би Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын өнгө төрх түм түжигнэж бум бужигнасан хотын төвийн гол баатар байлаа. Тэр үед намайг хүмүүс анх хараад анхны европ загварын хоёр давхар олон цонх, хаалгатайг минь гайхан шагшин бүр анх удаа би хамгийн том тольтой байсан хүмүүс орж ирээд надтай биш өөрөө өөртэйгээ мэндлэж, доод хонгилд минь ачаатай тэмээ босоогоороо багтан ордог байсан гэхэд та нар итгэхгүй дээ мөн ховор нандин зүйлээ зөвхөн надаас зорин ирж худалдаж авдаг байсан саяхан мэт тод санагдаж байна.
Subscribe to:
Posts (Atom)